Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-02 21:16:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас “Өвөрхангай аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө”-г ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлууллаа.

Аргаль хонь, янгир ямаа, халиун буга, хээрийн тарвага, цагаан зээр зэрэг агнуурын амьтдыг тогтвортой хамгаалах, зүй зохистой ашиглах, зохицуулах зорилго бүхий уг менежментийн төлөвлөгөө нь 2019-2023 он хүртэл хэрэгжинэ.

Төлөвлөгөөг “Аргаль, агнуур судлалын төв” ТББ-аас боловсруулсан бөгөөд орон нутгийн төр, захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, нөхөрлөлүүд, аж ахуйн нэгжүүд, судалгааны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл зэрэг талуудын оролцоог хангаснаараа үр дүнтэй болсон гэж үзэж байна.

Мөн менежментийн төлөвлөгөөг баталснаараа аймгаас агнуурын талаар явуулах үйл ажиллагааны бодлого, чиглэл тодорхой болж байгаа юм. Насжилтаас болон байгалийн бэрхшээлээс үүдэн аргаль, буга, янгир багагүй үхэж үрэгддэг учраас ан агнуурын байгууллагатай гэрээ хийж тодорхой тооны анг агнуулж байх нь зөв хэмээн ИТХ-аас шийдвэрлэлээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ