Өмнөд Солонгост “THAAD” систем байрлуулах тухай хэлэлцээг хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-25 10:32:16

СӨҮЛ. /TASS/. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалагч хөдөлгөөнт цогцолбор болох “THAAD” системийг Өмнөд Солонгост байрлуулах тухай хэлэлцээг эхлүүлэхээ Сөүл болон Вашингтоны эрх баригчид хойшлуулжээ. "Чосон ильбо" сонинд мэдээлснээр, энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч Мун Сан Гюн пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, “зарим гэрээг эцэслэн шийдэх шаардлагатай байгаа нь” хэлэлцээг хойшлуулсны шалтгаан болжээ. “Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн уулзалтыг нэгээс хоёр хоногоор хойшлуулна” гэж Мун Сан Гюн онцлон дурдсан байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлэлцээ саатсаны тодорхой шалтгааныг дурдсангүй. Харин Өмнөд Солонгосын ажиглагчид үүнийг тус улсад “THAAD” системийг байрлуулахыг эрс эсэргүүцэж байгаа Хятадын байр суурьтай холбож байна. Үүнийг чухам Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-д энэ долоо хоногт айлчилсан болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн хэлэлцээ харуулж байна гэж ажиглагчид үзэж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ