ЗЦГ-аас жолооны хуучин үнэмлэхээ солихыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-18 12:24:17

Жолооч нарын дунд хуучны шар үнэмлэхтэй хүмүүс цөөнгүй байдаг. Эдгээр иргэдийг хуучин үнэмлэхээ солихыг шаардаж, солиогүй тохиолдолд торгож, зарим цагдаа нар хуучин үнэмлэхийг хураан авч  байна гэх мэдээллийн дагуу тодрууллаа.

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Х.Одбаяр:-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацааг зааж өгсөн байгаа. 17 дугаар зүйлийн  2-т “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхний  хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана гэж заасан байдаг.  Хуучны шар  үнэмлэх дээр  хугацаа байдаггүй. Иймээс шар үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төв сольж байна. Ингэхдээ ямар ч торгууль шийтгэл ногдуулаагүй. Замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж, анхааруулаад явуулж байгаа болохоос торгуулийн арга хэмжээ авахгүй байгаа гэлээ. Мөн хүний царай  жилээс жилд өөрчлөгдөж байдаг тул  нас ахисан хүмүүс залуу цагийн төрхөөсөө өөрчлөгдөж, таргалж, турж байдгаас жолооч цагдаа нарын дунд маргаан үүсдэг байна. Тиймээс ашиглах хугацаа заагаагүй хуучны шар үнэмлэхийг шинэчилж байгаа.  Иргэд өөрийн хүсэлтээр, эсвэл авто машин жолоодох эрхээ түр хугацаагаар хасуулсан тохиолдолд хуучин үнэмлэхийг нь устгаж, дахин шинэ үнэмлэх хэвлэн өгч байна. Шинэ үнэмлэхийг ажлын гурав хоногийн дотор хэвлэх боломжтой. Жолооны үнэмлэхтэй холбоотой мэдээллийг 70006996 тоот утсаар тодруулж болно. Хуучин үнэмлэхээ шинэчлэх хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Баянзүрх дүүрэгт байрлах Лицензийн төвд очихыг зөвлөе.

ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ

Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа.

Цээж зураг 1% /3х4см/

Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./ 

Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

Хуучирч муудсан, хуучин шар үнэмлэхээ заавал хураалгана гэж ЗЦГ-аас анхаарулав.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ