Сирийн бүслэгдсэн таван хотод хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-18 11:45:21

ЖЕНЕВ. /TASS/. Сирийн бүслэгдсэн таван хотод хүмүүнлэгийн тусламж хүргэсэн тухай НҮБ-ын Сири дэх хүмүүнлэгийн зохицуулагч Якуб эль Хилло мэдээлжээ.

“Яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа бүслэгдсэн таван хотод бид лхагва гарагт хүрлээ. Тээврийн цуваа бараг 100 мянган хүнд хүрэлцэх хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн материал, тоног төхөөрөмж, ундны ус, ариун цэврийн хэрэглэл бүхий ачааг хүргэсэн” гэж Якуб эль Хиллогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стеффан де Мистурагийн Женев хот дахь ажлын байранд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Германы Мюнхен хотод хоёрдугаар сарын 11-нд болсон Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалтын үеэр байгуулсан Сирийн хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах ажлын хэсгийн хоёр дахь хурал Женевт хоёрдугаар сарын 18-нд болно гэж де Мистурагийн офисоос мэдээлсэн байна.

Д.Жаргал


 

Холбоотой мэдээ