Зудад нэрвэгдсэн бүс нутгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Засгийн газартай хамтран зудад нэрвэгдсэн бүс нутгийн охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр Ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
Улсын онцгой комиссын мэдээлж буйгаар одоогийн байдлаар Монгол Улсын 20 аймгийн 90 сум цагаан зудын байдалтай байгаа аж. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас шүгэл, гар чийдэн, саван, ой сойз, ариун цэврийн хэрэглэл зэрэг иргэдийн наад захын хэрэгцээг хангах Ариун цэврийн багц бэлтгэжээ. Үүнд нийт 12 мянга 70 ам доллар буюу 24 сая 370 мянган төгрөг зарцуулжээ.
Багцыгхүлээлгэн өгөх үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, “Эмэгтэйчүүд бол Монголын нийгмийн тулгуур хүч мөн бөгөөд зудын нөхцөлд тэдний аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах тодорхой алхмыг бид хийх ёстой. Тиймээс ариун цэвэр, эрүүл ахуйн багцийг түгээх замаар эмэгтэйчүүдийг дэмжих нь малчин хүн ардын эрүүл мэнд, аж байдлыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна” хэмээв.
Өнгөрсөн оны зун хуурайшилт ихтэй гандуу байсан нь ургац, малын тэжээлийн гарц муу байхад нөлөөлсний улмаас малчид өвлийн улиралд хэрэглэх өвс тэжээлээ хангалттай бэлтгэж чадахгүйд хүрсэн. Түүнчлэн намар хүчтэй ширүүн бороо орж, өвөл нь цас ихээр орж хүйтэрсний улмаас зарим нутгуудад хөрсөн дээр -50 градус болж хүйтэрсэн. Цаашид нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай тул охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд наад захын ариун цэвэр, эрүүл ахуйн зүйлс шаардлагатай болдог байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас энэхүү багцыг бэлтгэсэн гэдгийг хатагтай Наоми Китахара хэллээ.
Ч.Ариунболд