Сирид 11 тэрбум долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-05 10:33:13

ЛОНДОН. /NHK/. Сирид хандивлагчдын олон улсын бага хурал өчигдөр Лондон хотод болж, дайны хөлд нэрвэгдээд байгаа тус улсад 2020 он гэхэд 11 тэрбум долларын тусламж үзүүлэхээр тохиролцсон байна.

НҮБ, Их Британи болон бусад гурван улсын зохион байгуулсан уг хуралд 60 орчим орны төлөөлөгчид оролцжээ.

Мөргөлдөөний улмаас орон гэргүй болсон, нутгаа орхин дүрвэсэн Сирийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг хурлыг зохион байгуулсан байна. Сирийн дүрвэгсдийг хүлээн авсан тус улсын хөрш орнууд болон Турк, Ливан, Иордан руу тусламжийг мөн илгээх ажээ.

Олон улсын хамтарсан, яаралтай хариу арга хэмжээ авахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалаад, энхийн хэлэлцээний явцад Сирийн ард түмэнд тулгарч байгаа асуудалд хайхрамжгүй хандсан бөгөөд үүнийг анхааралдаа авах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сирийн иргэд өлсөж байгааг анхааруулаад, АНУ 900 сая долларын тусламж үзүүлж, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүргэх асуудлыг ОХУ-тай хэлэлцэнэ гэж мэдэгдэв.

Япон 350 сая долларын тусламж үзүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Йожи Муто мэдэгдсэн байна. Тус яамны хоёр дахь том албыг хашдаг тэрбээр, уг тусламжийг янз бүрийн төслүүд, тухайлбал, эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан мэргэжлийн сургалтаар дамжуулан олгоно гэж мэдэгджээ.

Хүмүүнлэгийн хямралд хариу арга хэмжээ авах ганц өдрийн энэ бага хурлаар урьд өмнө цуглуулж байгаагүй их хэмжээний хандив босголоо гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон хурлын төгсгөлд мэдэгдээд, бага хурал Сирийн ард иргэдэд итгэл найдварыг бий болгож байгааг онцолсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ