Юнивишн ХХК-аас ШӨХТГ-т мэдэгдэл өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-02 12:26:25

ШӨХТГ-аас 2016 оны 2 сарын 1-ний өдөр буюу өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд Юнивишн ХХК-ийг гэрээгээ зөрчин, хэрэглэгчийг хохироосон мэтээр ташаа мэдээлэл цацжээ.

Юнивишн ХХК-ийн зүгээс олон нийтэд мэдээлсэн асуудлыг судалгаанд тулгуурлаагүй, хэт нэг талыг баримтлан компанийн бизнесийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна.

Тиймээс сүүлийн үед Юнивишн ХХК-тай холбоотой үүсээд байгаа дараах асуудлуудад компанийн зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж байна. Юнивишн ХХК-ийн SPS HD ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар Юнивишн ХХК нь спортын төрөлжсөн SPS Plus HD, SPS Prime HD, SPS World HD, SPS Action HD сувгуудыг зөвхөн хэрэглэгчдэд дамжуулах үүрэг хүлээдэг бөгөөд тухайн сувгийн контент болон чанарын асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй болно. Гэхдээ хэрэглэгчдийн зүгээс ирсэн аливаа санал, гомдлыг цаг тухайд нь удаа дараа албан тоотоор SPS HD ХХК-д хүргүүлэн ажиллаж ирсэн. Гадаад сувгуудын үнэ тариф тухайн сувгийг эзэмшигч компанийн үнийн бодлогоос хамааран харьцангуй тогтвортой бус байдаг учраас кабелийн телевизүүд болон IPTV үйлчилгээ эрхлэгчид тэдгээр компаниудтай богино хугацааны гэрээ хийдэг. Иймээс хэрэглэгчдэд үзүүлэх сувгийн мэдээллээ гэрээндээ нэг бүрчлэн тусгах боломжгүй байдаг. 2011-2013 онд Юнивишн ХХК HBO HD, HBO Family, HBO Signature, HBO Hits гэсэн 4 сувгийг хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол 2013 онд гэрээ сунгах үед НВО сувгийн зүгээс үнээ огцом өсгөж 1.4 сая ам.доллар болсон учраас хамгийн их үзэлттэй НВО HD сувгийн гэрээг сунгаж бусад үзэлт багатай 3 сувгийн гэрээг дуусгавар болгосон. Тухайн үед Юнивишн ХХК-аас бусад  Скаймедиа, Сансар кабель зэрэг компаниуд мөн энэ шалтгаанаар HBO сувгуудыг хаасан болно. Харин Юнивишн компанийн хувьд HBO HD сувгийг нийт хэрэглэгчдэдээ нэмэлт сувгийн багцын төлбөргүйгээр өнөөг хүртэл хүргэсээр байгаа болно. Интернэтийн шинэчлэгдсэн багцын талаар бол 2016 оны 2 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа интернэтийн шинэчилсэн нөхцөл нь үнийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй, хэрэглэгчийн интернэтийн хэрэглээг хязгаарлаагүй, интернэт хаагдана гэсэн ойлголт байхгүй болно. Юнивишнийн хэрэглэгчдийн 99 хувь нь сард 49.2GB хүртэл дата хэрэглэдэг гэсэн судалгаанд үндэслэн дээрх шинэчлэлийг хийсэн учраас нийт хэрэглэгчийн 99 хувьд энэхүү өөрчлөлт нөлөөлөхгүй болно. Уг үйлчилгээний шинэчилсэн нөхцөл хэрэгжиж эхлээгүй байхад ШӨХТГ-аас Юнивишн ХХК-ийг хэрэглэгчдээ хохироосон мэтээр урьдчилсан дүгнэлт хийж байгаад харамсаж байна. Юнивишн ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээг зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Уг мэдэгдлээ ШӨХТГ-т өгчээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ