Шүүх хуралдаанаас сурвалжлага бэлтгэж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-01 00:06:56
oyuka_hu@yahoo.com

Сэтгүүлчид Шүүх хуралдаанаас сурвалжлага бэлтгэхийг хүсвэл хурлын тов зарласнаас хойш гурав хоногийн дотор хүсэлтээ мэдэгдэх шаардлагатай юм.

Энэ нь Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм. Уг хууль батлагдсанаар хэвлэл, мэдээллийнхэн Шүүх хурлыг ил тод, нээлттэй мэдээлэх боломж бүрдсэн. Гэвч одоогийн байдлаар Орхон аймгийн Шүүхийн байгууллагад ийм хүсэлт гаргасан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэгдээгүй гэж тус байгууллагын ажилтан Х.Одхүү хэллээ.

Гэхдээ сэтгүүлчид хувь хүн болон албан байгууллагын нууцтай холбоотой, насанд хүрээгүй иргэний хэргийг сурвалжлахыг дээрх хуулиар хориглосон байна. Мөн хуралдааны дэгийг зөрчсөн үйлдэл гаргах, Шүүхийн хариу эцэслэн гараагүй байхад олон нийтэд мэдээлэх, Шүүх бүрэлдэхүүнээс ярилцлага авах, хуралдааны бичлэгийг хуулбарлах бусдад тараах, дуу, дүрсэд нь эвлүүлэг хийхийг хоригложээ. Дашрамд дурдахад, Орхон аймагт долоо хоногт дунджаар эрүүгийн 50, иргэний хэргийн 70-80 орчим Шүүх хурал болдог байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ