Б.Улс:Ямаа тарвага, буга шиг ховордох вий дээ гэж болгоомжилдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 14:14:19

Монголын үндэсний дэвшлийн нийхэмлэгийн еранхий зохицуулагч Б.Улс монгол гуайтай ярилцлаа.

-Санаснаас налгар намар, өнтэй өвөл өнгөрлөө. Айхтар болно гээд л дээр дооргүй цуурлаа шүү дээ. Энэ талаар бодлоо хуваалцана уу?

-Бид тухайн үед нь бичин жил чинь болоогүй байна. Хэдийгээр гайгүй болов уу гэж юу байхав. Малаа ч сайн зэмлэсэн. Хоёр жишээ дурдьдъя. Өгийнуур сум 2014 онд 398 тэмээ тоолуулсан бол өнгөрсөн жил 108-ыг үгүй хийж, одооо 290 тэмээтэй. Эрдэнэмандал сум ноднин жилийн мөн үеийхээс багасгасан хэдий  ч монгол улсын хамгийн олон хоньтой сум гэдгээ хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, өдгөө Эрдэнэмандал суманд 270610 хонь бэлчээрлэж байна гэсэн үг. Ямааны тухайд, малчид ч, ер нь хэн хүнгүй анхаарах зүйл байдаг. Ямааны ноолуураас гадна арьс нь чанар сайтай, мах нь ялангуяа хаврын цагт хүний биед эм болдог. Ямааны цөсийг эмийн найрлаганд хэрэглэдэг. Амьдрал дээр хөдөөгийнхэн ямааг нэлээд ад үзээд “годрон” гэх шиг үг шидээд байж ажиглагддаг. Миний хувьд, ямааг тарвага хангайн буга тэмээ шиг ховордох вий дээ гэж болгоомжилдог.      

-“Бичин жилийн зуд” – гээд л их айж сандрах юм. Ямар учраас тэр вэ?

- Яг одоогоос, 60 жилийн өмнө, өөрөөр хэлбэл, 1956 оны өвөл 1957 оны хавар улс даяар зуд болон олон зуун өрхийн хотыг харлуулж ёстой хар гамшиг нүүрлэсэн түүхтэй. Үүнийг хүмүүс мартаагүй бөгөөд 60 жил буюу нэгэн жаран гэдэг утгаараа байгалийн гамшиг гарч болзошгүй гэж сэрэмжилдэг. Энэ ч шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл.

-Нийтийг хамарсан ийм байгалийн үзэгдэл болсон тэр үед нам засгаас  ямар арга хэмжээ авсан бол?

- Юуны урьд, малгүй болж яаж амьдрахаа мэдэхгүй болсон гэдгийг хамтын хөдөлмөрт татаж оруулж, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, газар сайгүй нэгдэл байгуулах хөдөлгөөн өрнөсөн юм билээ. Хамтын аж ахуйн энэ сайхан үүсгэл санаачлагад нам засаг хөндлөнгөөс хэтэрхий түрэмгийлж оролцсноос гажуудал гарч, улмаар 1990-ээд оны эхээр гучаад жилийн дараа бүх нэгдэл татан буугдаж, мал эргээд малчин эзэндээ очсон. Энгийн үгээр илэрхийлэхэд жам юм жамаараа л хувьсан өөрчлөгдөж байна ш дээ.  

-Цаашид, яавал зүгээр вэ? 

-Төр засгийн зүгээс хөдөөгийн малчид, хотын эрдэмтдийн хамтын ажиллагааг сайжруулахад дэм болж, нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэт их найр тавин татвараас бүрэн чөлөөлөх, үнэгүй юм өгөх тараахад малчид ч төдийлөн дуртай байдаггүй. Тэд мал биш, хүн учраас нийгэмд байр сууриа эзэлж, хотын хүний нэгэн адил үүрэг хариуцлага хүлээхийг хүсдэг. Хөдөөд залуучууд, ялангуяа  бүсгүйчүүдийг суурьшуулахад төрийн бодлогоор хандах нь зүйтэй. Та бүхэн статистикийн мэдээг нарийн нягтлан судалж үзээрэй. Хамгийн гол нь  эд мөнгөндөө бус өөр хэрэгцээ шаардлага байгааг л мэдрэх нь тустай юм болов уу?

Архангай. Л. Булган

 

 

 

Холбоотой мэдээ