Бөхмөрөн сумын ахмадуудын ихэнх нь ямар нэг байгууллагын харъяалалгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 09:03:11

Увс аймгийн Бөхмөрөн суманд 183 ахмад ажиллаж амьдарч байгаагийн 174 нь 60-аас дээш настай ахмадууд байна. Сумын ЗДТГ-аас ахмадуудад зориулж хоёр өрөө тохижуулж өгсөн бөгөөд ахмадууд тэндээ тоглож наадаж, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлдэг байна.

Удахгүй болох Сар шинийн баяраар сумын ЗДТГ-ын хамт олон ахмадуудаа аймгийн төвд аваачиж, Улаангом дахь нутгийн уугуул ахмадуудтайгаа золгуулах, хүндэтгэл үзүүлэх, урлаг соёлын тоглолт хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагааны зардлыг Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын зүгээс санхүүжүүлэхээр болсон байна.

Бөхмөрөн сумын ахмадуудаас 21 хүн ямарваа нэгэн байгууллагын харъяалалтай бол бусад нь харъяалалгүй байна. Ахмадуудыг төрийн одон медальд тодорхойлох ажил хангалттай хийж, энэ тал дээр сум орон нутгийн удирдлагууд ч анхаарч ажиллаж иржээ.

Ахмадуудын зүгээс сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийг урагшлуулах, бодлого чиглэл тодорхойлоход тодорхой хэмжээгээр оролцож, өөрсдийн санал бодлоо тусгуулдаг байна.

 Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ