Бүтэн өнчин хүүхдийн хадгаламжийн мөнгийг өсгөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:35:52

Увс аймгийн хэмжээнд 120 гаруй бүтэн өнчин хүүхэд байдаг байна. Аймгийн Засаг даргын санаачлагаар "Хөх толбот" хадгаламж нээж, эдгээр хүүхдүүдэд 2013 оноос эхлэн жил бүр 100 мянган төгрөг хийх болжээ.

Энэ мөнгийг 2015 оноос эхлэн 200 мянган төгрөг болгож өсгөсөн бөгөөд одоо бүтэн өнчин хүүхэд бүр дансандаа 400 мянган төгрөгийн хадгаламжтай болоод байна. Хадгаламжийн мөнгийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргаж байгаа аж. Бүтэн өнчин хүүхдэд зориулсан "Хөх толбот" хадгаламжийн журмыг шинэчилснээр хамгийн өндөр хүүтэй хадгаламжийг сонгон байрлуулж, 18 нас хүртэл нь энэ мөнгийг хадгалуулахаар болсон байна.

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ "Өнчрөл, хагацлын зовлонг амссан хүүхдүүддээ байнга анхаарах хэрэгтэй. Тэдний амьдарч буй гэр, сурч боловсорч буй газрыг нь эргэж тойрох шаардлагатай. Өнчний зовлон хамгийн хэцүү байдаг юм" хэмээн тодотгосон байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ