Террористуудын эзэлсэн зочид буудлаас 12 хүнийг гаргажээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-01-16 12:21:08

ПАРИС. /TASS/. Буркино-Фасо улсын хүчнийхэн террорисуудын эзлэн авсан “Splendid” зочид буудлаас наад зах нь 12 хүнийг гаргасан тухай тус улсын “Omega” радио мэдээлжээ. “Шөнийн 01 цаг 20 минутад зочид буудлаас 5 эмэгтэйг оруулаад 12 хүн гаргасан. Тэднийг Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтнуудад шилжүүлэн өглөө” гэж тус радиостанцын сурвалжлагч мэдээлсэн байна.

Террористууд баасан гарагийн орой эзлэн авсан зочид буудлыг чөлөөлөх ажиллагааг хүчнийхэн эхлүүлсэн тухай урьд нь мэдээлсэн билээ. Ирж буй мэдээллээс үзвэл, Буркино-Фасогийн хууль сахиулагчдад АНУ, Францын мэргэжилтнүүд дэмжлэг үзүүлж байна. "Associated Press" агентлагийн мэдээлснээр, хүчнийхэн дайралтаа эхлүүлмэгцээ тэсрэх бодис хэрэглэсний улмаас зочид буудлын нэгдүгээр давхарт гал гарчээ. Барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаа явуулж байгаа тухай мэдээллийг Буркино-Фасод суугаа Францын Элчин сайд Жиль Тибо “Twitter” сүлжээн дэх хуудсандаа нотолсон байна. Гэхдээ тэрбээр Францын армийн тусгай анги нэгтгэлүүд ажиллагаанд шууд оролцож байгаа эсэх талаар мэдээлээгүй байна. Энэ ажиллагаанд Францын цэргүүдийг оролцуулах боломжийг Буркино-Фасогийн Гадаад хэргийн сайд Альфа Барри урьд нь үгүйсгээгүй юм. Ажиллагаа явуулж буй газарт Уагадугу хотын ойролцоох баазад байрлаж байгаа Франц, АНУ-ын мэргэжилтнүүд байгаа тухай хэвлэлүүдэд мэдээлжээ. Телевизийн “France 24” сувгийн мэдээлснээр, ажиллагааг Буркино-Фасогийн хүчний байгууллагууд өөрсдөө эхлүүлсэн байна. Зарим мэдээллээр, террористууд зочид буудлын дөрөвдүгээр давхарт бэхлэн байлдаж байгаа аж.

Түүнчлэн террористуудыг баасан гарагийн орой зочид буудалд халдах үеэр 20 орчим хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Ийм мэдээллийг хотын эмнэлгийн ерөнхий эмч нүдээр үзсэн хүмүүсийн мэдээллээс иш татан өгчээ. "Яг хэдэн хүн амиа алдсан талаар бидэнд тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна, гэхдээ наад зах нь 20 хүн амиа алдсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан” гэж тэрбээр хэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ