Ховдод Күнзийн институт байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:52:49

Ховд Их Сургууль, БНХАУ-ын Шинжан мужийн Ажил Мэргэжлийн Их Сургууль /АМИС/-тай хамтран хөдөө орон нутаг дахь анхны “Күнзийн институт”-ийг Ховд аймагт есдүгээр сарын 10-ны өдөр байгууллаа.

Уг нээлтийн үйл ажиллагаанд Шинжан мужийн АМИС-ийн захирал Эркен Абукадр, ХИС-ийн “Күнзийн институт”-ын Хятад талын захирал н.Пүрэвдаш, “Монгол – Хятадын Найрамдал” төв, МУИС-ийн Күнзийн институтийн захирал доктор, профессор М.Чимидцэеэ, ХИС-ийн захирал доктор, профессор Ж.Янжмаа нарын хүндтэй зочид төлөөлөгчид оролцов.

Анх Күнзийн институт 2004 онд Солонгос улсад Хятад хэлийг судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдаж байсан бөгөөд өдгөө дэлхийн 126 онд өөрийн салбаруудаа байгуулан ажиллаж байгаа аж.

ХИС-ийн дэргэд Күнзийн институт байгуулахаар хоёр жилийн өмнөөс хамтран ажилласны үр дүн ийнхүү гарч байна.

Энэхүү институт нь нас харгалзахгүйгээр анхан, дунд, гүнзгий болон бизнесийн Хятад хэлийг заах төдийгүй Хятад хэлийг судлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажиллаж буй бусад байгууллагад хэрэг болохуйц Хятад хэл дээрх ном сурах бичиг бүхий номын санг дэргэдээ байгуулахаар болсон байна.

Ховд их сургуулийн Күнзийн институтийн нээлтийг тохиолдуулан ХИС-ийн багш нар болон Күнз судлаач эрдэмтдийн философи, утга зохиол, соёл сэтгэлгээний агуулгаар лекц болно.
Лекцийн хөтөлбөрт ХИС-ийн СБТЭ захирал, доктор дэд профессор Д.Өрнөхдэлгэр “Хятадын утга соёлын түүчээ”, ХИС-ийн философийн багш, доктор Ц.Пүрэвсүрэн “Эртний хятадын философид Күнзийн үзэл сургаалийн байр суурь”, Хятад Монголын найрамдал төвийн тэргүүн, МУИС-ийн Күнзийн институтын захирал, доктор профессор М.Чимэдцэеэ “Күнзийн соёл сэтгэлгээний өв хийгээд эдүгээ цаг” нэртэй илтгэлүүдээр лекц унших аж.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд