Автомашины улсын дугаар 1, 6-гаар төгссөн бол 1 дүгээр сард татвараа төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 12:05:46

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөх зохицуулалт хийсэн.

Уг журмын дагуу 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард татвараа төлнө. Мөн 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Энэхүү журам хэрэгжсэнээр банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах ач холбогдолтой. Журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ татвар,төлбөрийг төлөх юм.

Холбоотой мэдээ