Өнгөрсөн онд АНУ-д хамгийн олон автомашин худалдаалагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-08 14:29:12

ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн онд Америкийн зах зээлд хамгийн олон тооны автомашин худалдаалагджээ.

2015 оны автомашины борлуулалтын талаарх статистик мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд Америкт 17.47 сая суудлын болон ачааны автомашиныг 437 тэрбум доллароор худалдан авсан нь 2000 онд тогтоосон өмнөх амжилтыг эвдсэн байна. Тухайн үед 17.35 сая автомашин худалдаалагдаж байжээ.

Өнгөрсөн онд “General Motors” компани хамгийн олон буюу 3 сая автомашин борлуулсан нь 2014 оныхоос 5 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус компанийн араас 2.5 сая гаруй автомашин борлуулсан “Ford” орсон байна. Харин дизель хөдөлгүүртэй автомашиных нь утаа ялгаруулалтын үзүүлэлтийг бууруулдаг программ хангамжтай холбоотой дуулиан шуугианд өртсөн “Volkswagen” концерны автомашины борлуулалт нь 5 хувиар буурчээ. 

АНУ-ын эдийн засаг ерөнхийдөө бэхжсэнтэй болон шатахууны үнэ жилийн турш бага түвшинд байсан учир АНУ-ын автомашины эрэлт нэмэгдсэн гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байна. Энэ онд ч мөн АНУ-д автомашины борлуулалт өссөн хэвээр байх төлөвтэй байна.

Д.Жаргал 

Холбоотой мэдээ