Үйлдвэрийн үнээр борлуулах цэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 17:30:40

“Баянжаргалант” цех Ганбогд зах дээр өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулдаг дэлгүүр, цэгтэй болжээ. Баянхонгор аймагт ЖДҮ хөгжиж байгаагийн нэг илрэл болсон тус цех нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хямд үнээр, түргэн шуурхай, чанарын өндөр баталгаатайгаар худалдаалах боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна.

Баянхонгор аймгийн “Хишиг хангайн дээж” ХХК-ний сүү, цагаан идээ, цөцгийн тос боловсруулах цех нь Сарлагийн сүүг малчдаас худалдан авч, хорхой ааруул, тавгийн хэвийн ааруул, тараг цөцгий зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гарган худалдаалдаг аж. Тус компани 5 хүний ажлын байрыг бий болгож, малчдаас гэрээгээр сүүгээ нийлүүлэн авч, үнэт чанараа алдаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Сонирхуулахад, 2011 онд тус бүтээгдэхүүн нь Улаанбаатар хотын МҮХАҮТ-д болсон үзэсгэлэн худалдаанаас “Цөцгийтэй тараг” бүтээгдэхүүн нь Алтан медаль, Баянхонгор аймагт зохиогдсон үзэсгэлэн худалдаанаас “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр шалгарч байжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ