Жиргээний тэмдэгтийн хязгаарыг 10 мянга болгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2016-01-06 16:06:47

САН-ФРАНЦИСКО. /Anadolu/. “Twitter” нийгмийн сүлжээний жиргээний тэмдэгтийн хязгаарыг 140-өөс 10 мянга болгож магадгүй талаар хэд хэдэн эх сурвалж мэдээлснийг технологийн мэдээний “Re/Code” цахим сайт нийтэлжээ.

Энэ оны 4 дүгээр сарын сүүлч эсвэл 5 дугаар сарын эхээр өөрчлөлтийг хийх төлөвтэй байна. Арван мянган тэмдэгтийн хязгаар нь “Twitter” нийгмийн сүлжээний шууд зурвасын тэмдэгтийн хязгаартай таарч буй юм. Төлөвлөгөөг “140-өөс цааш” гэж нэрлэж магадгүй бөгөөд үүсгэн байгуулагчдынх нь нэг Жек Дорси өнгөрсөн жил ерөнхий захирал болсны дараа тус микроблогийн цахим хуудаст хийгдэх олон өөрчлөлтийн нэг байж болох талтай.

“Twitter” –ийн ихэнх хэрэглэгчдийн хуудаст уртасгасан жиргээнүүдийн эхний 140 тэмдэгтийг харуулах юм. Сонирхсон уншигчид жиргээг өргөжүүлэн, бүтнээр нь уншиж болно.

Уг мэдээнд тайлбар хийхээс “Twitter” татгалзсан байна.

Нийгмийн сүлжээг хэрэглэгчид болон технологийн тоймчид  уг санааг даруй эсэргүүцэж, “140-өөс илүү тэмдэгттэй жиргээ нийтэлсэн анхны хүнийг дагахаа больж, блок хийнэ гэдгээ бурханд тангараглая” гэж нэгэн хэрэглэгч жиргэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ