Нийтийн хэв журам хамгаалах тасаг улсад шилдгээр шалгарчээ

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 11:18:28

“Аюулгүй, Амар тайван Хан Хэнтийн төлөө хамтдаа” хэмээх эрхэм уриатай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамт олон 2015 оны ажлын амжилтаараа Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны “Улсын тэргүүний тасаг”-аар, тус тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхүү нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар тус тус шалгарчээ.

Тус тасаг нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр оновчтой ажлуудыг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улс, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх үйлсэд тус цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчид идэвх санаачлагатай ажилласнаар гэмт хэргийн гаралт жил бүр 20-30 хувь буурчээ.

Тухайлбал, 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад, нэг жилд гардаг гэмт хэргийн тоо 1000 гаруй байсан бол одоо 400 гаруй буюу 50-60 хувиар буурсан, үүнээс 2015 оны 11 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 20.1 хувиар, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 49.2, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 49.1 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 40.6 хувиар, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг 35.7 хувиар тус тус буурсан дүнтэй байна.

Ийнхүү Хэнтий аймаг улсын хэмжээнд шинэлэг үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж, бусад аймгуудаа уриалан дуудаж чадсан гэж үнэлэгдсэн бөгөөд үүнд тус цагдаагийн газрын албан хаагч бүрийн үүрэгт ажлаа сайн биелүүлсэн үр дүнтэй байгааг албаныхан онцоллоо.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ