Жолооч нарын зөрчлийн оноо дуусвал эрхийг нь хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-05 09:56:46

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон юм. Жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалтыг хэрэгжүүлэх ажил эхлэх гэж байна.

 Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программ боловсруулж байгаа юм. Тиймээс ирэх хоёрдугаар сард багтаж жолоочийн зөрчлийн оноог хянаж, тооцох тусгай цахим программ бэлэн болно гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. Программ боловсруулснаар  жолоочийн зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтаа утсандаа тусгай апплэйкшн татаж харах уу эсвэл зөвхөн www.torguuli.mn сайтад хандаж авах уу гэдгээ шийднэ. Мөн зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газрын аль нь хариуцан хянах вэ гэдэг ч тодорхой болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооч нар ерөнхий 10 оноотой байх юм. Оноог нэмж, хасаж тооцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноог хасах зарчмаар явна. Хэрвээ зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Гэхдээ зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо автоматаар хүчингүй болно. Тухайлбал, зам тээврийн осол гаргасан жолооч тав, жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр, жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа шилжүүлбэл машины эзний нэг оноог хасах гэх мэтчилэн тооцно. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах,хоёр жил зөрчилгүй байвал 10 оноог бүтнээр нь сэргээнэ гэж хуульд заажээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ