Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэн өгөв

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2016-01-04 14:20:32

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө.

Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан, “Олон түмний төлөөх энэ байгууллагад богинохон хугацаанд ажиллахдаа ихийг хийж бүтээхийн төлөө ажиллалаа. Хийх сэтгэл байвал боломж өөрөө урган гардаг учраас төсөв мөнгө хомс ч гэсэн олон ажлын ард гарлаа.
Иргэдийн гомдлын тоо, хохирлын хэмжээ улам нэмэгдэж байна. Зөрчлийг мөчир мөчрөөр нь тайравч улам их салаалж байгаа учраас зөрчлийг уг үндсээр нь таслах арга замыг эрэлхийлж ажиллалаа. Тоочвол олон ажил байгаа ч Монголын 3 сая хэрэглэгчиддээ өргөн барих хамгийн чухал ажил бол бүтэн жилийн турш хамт олноо манлайлан Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай шинэ хууль юм. Европын стандартыг жишиг болгож боловсруулсан уг хуульд хэрэглэгчийн эрх гэж чухам юу гэдгийг тодорхой болгож, түүнийг хэрхэн хамгаалахыг нарийвчлан зааж өгч, уг эрхийг зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг бүрэн барагдуулахаар тусгасан юм. Хуулийн төсөл маань энэ жил батлагдана гэдэгт итгэлтэй байна. Шинээр томилогдсон дарга залуудаа энэ бүгдийг үргэлжлүүлэх, түүнчлэн шинээр олон ажил санаачлан хэрэгжүүлэх үйлсэд нь өндөр амжилтыг хүсье!” хэмээв.

Ж.Болор

Холбоотой мэдээ