Саакашвили: Украины авлигын түвшин урьд өмнө нь ийм байгаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-24 13:54:44

КИЕВ. /TASS/. Украины эдийн засгийн байдал, авлигын түвшин урьд өмнө нь хэзээ ч ийм хэмжээнд байгаагүй гэж Одесса мужийн захирагч, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Киев хотод болсон авлигатай тэмцэх форумын үеэр мэдэгдэв.

“Виктор Януковичийг Ерөнхийлөгч болсон цагаас авлигын хэрэг багассан гэж би нэг ч хүний амнаас сонсоогүй. Зардлууд улам бүр нэмэгдсэн тухай ярьж байна. Ерөнхийлөгч Кучма, “улбар шар” Засгийн газар, Януковичийн үеийнх шиг болтлоо одоогийн байдал доройтоогүй байна гэж хэлэх жижиг, дунд бизнес эрхэлдэг нэг ч хүнтэй би уулзаагүй байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Украинд авлигатай тэмцэх нам бус, өргөн хүрээний хөдөлгөөн явуулахаа тэрбээр мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, “бид Украиныг сэргээнэ. Уг хөдөлгөөн ямар нэг улс төрч, ямар нэг намын ашиг сонирхлын төлөө биш” гэж форумын үеэр мэдэгджээ.

Саакашвилийн багийн зохион байгуулсан уг цугларалтад 6000 гаруй төлөөлөгч бүртгүүлсэн байна. “Украиныг цэвэрлэх хөдөлгөөн” гэсэн тэмдгийг сайн дурынхан тарааж байна гэж гэрчүүд мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ