"Талибан" Сангин хотыг эзлэхэд ойрхон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-22 11:20:43

КАБУЛ. /BBC/. Афганистаны өмнөд нутгийн Гильменд мужаас ирсэн мэдээнээс үзвэл, “Талибан”-ы босогчид стратегийн ач холбогдолтой Сангин хотыг эзлэн авахад ойрхон байна.

Сангин хотын хяналт эрх баригчдын гарт урьдын адил байна гэж Гильменд мужийн захирагч Мирза Хан Рахими мэдэгдсэн бол, түүний орлогч, Сангин хот босогчдын гарт орсон гэж мэдэгджээ.

Харин “Талибан” бүлэглэл, хотын дийлэнх хэсгийг хяналтдаа авсан бөгөөд захиргааны төв байр эзэнгүй байсан гэж мэдэгдсэн байна.

Баграм агаарын цэргийн баазын ойролцоо “Талибан”-ы босогчид халдлага үйлдэж, АНУ-ын зургаан цэргийн амийг хөнөөжээ. Энэ нь 2015 онд гадаадын цэргүүдэд халдсан томоохон халдлагуудын нэг юм.

Афганистаны аюулаас хамгаалах хүчнийг бэхжүүлэх зорилготой, НАТО тэргүүтэй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын эвслийн ажиллагааны хүрээнд тус улсад гадаадын 12 мянга орчим цэрэг байрлаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ