Хүүхэд харах үйлчилгээний сургалтад 21 аймгийн багш нар хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг нь хангах зорилго бүхий "Хүүхэд харах үйлчилгээний сургагч багш бэлтгэх семинар" өнөөдөр ХАХНХЯ-нд эхэллээ.
Тус сургалтад 21 аймгийн 120 гаруй төлөөлөл хамрагдав. Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангахаас гадна эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр юм. Үүний үр дүнд өрхийн орлого нэмэгдэж, хүүхдийн амьдрах орчин нөхцөлд эерэг өөрчлөлт гарна хэмээн ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дагаж гарах дүрэм, журам, үйлчилгээний стандарт, сургалтын хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар батлуулсан. Хуулийг хэрэгжүүлэхэд 10.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгох ба эцэг эхчүүдтэй зөвшилцөн төлбөр авч болохоор хуульчилсан.
Сургагч багшаар бэлтгэгдэж байгаа хүмүүс аймаг, орон нутагтаа хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдийн хоол тэжээл, эрүүл ахуйн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр тодорхой түвшинд мэргэшсэн хүмүүс байгаад баяртай байна” гэлээ.
Ч.Ариунболд