Азербайжан болон Тажикистан лалын эвсэлд нэгдэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-21 15:13:28

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Азербайжан болон  Тажикистан улс Саудын Араб тэргүүтэй лалын цэргийн эвсэлд нэгдэх боломжийг хэлэлцэж байгаа тухай бүх Арабын "Аш-Шарк аль-Аусат" сонинд мэдээлжээ.

Тажикистаны удирдлага “одоогийн байдлаар терроризмтой тэмцэх лалын эвсэлд нэгдэх тухай Саудын Арабын саналыг судалж байна” гэж Эр-Риядад суугаа тус улсын Элчин сайд Шарифи Азамшо Латифзодагийн хэлснийг "Аш-Шарк аль-Аусат" сонинд бичсэн байна. Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нэгдүгээр сард Саудын Араб улсад айлчилж, тус улсын хаан Сальмантай хэлэлцээ хийх гэж байгаа тухай тэрбээр мэдээлжээ. Талууд терроризмтой тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тухайлбал, Душанбе лалын цэргийн эвсэлд нэгдэх боломжийн талаар хэлэлцэх аж.

Бакугийн эрх баригчид мөн Саудын Арабаас тавьсан холбогдох саналыг судалж байгааг  Эр-Рияд дахь Азербайжаны дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч Расим Рзаев нотолжээ.

Терроризмтой тэмцэх лалын эвсэл байгуулснаа Саудын Араб энэ сарын 15-нд мэдэгдсэн билээ. Уг эвсэлд тус улсаас гадна, Египет, Иордан, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Пакистан, Бангладеш, Бахрейн, Бенин, Турк, Тунис, Сенегал, Сьерра-Леоне, Судан, Сомали, Палестин, Катар, Кувейт, Ливан, Ливи, Мали, Малайз, Нигер, Нигери, Йемен, Чад, Того, Габон, Гвиней, Жибути, Марокко, Кот-д'Ивуар, Мавритан, Мальдив болон Коморын арлууд гэсэн лалын шашинтай 33 орон нэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ