Гэр шатсны улмаас хоёр хүүхэд түлэгджээ

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2015-12-18 11:56:54

Гал түймрийн улмаас бага насны хүүхдүүд түлэгдэх, амиа алдах харамсалтай тохиолдол буурахгүй байна. 

Зөвхөн энэ 12 дугаар сар гарсаар 6 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Тухайлбал өчигдөр гэхэд 2 хүүхэд гал түймэрт өртөж түлэгджээ.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд гэр шатсны улмаас 1 нас 3 сартай эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн бол Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд мөн гэр шатаж 4 настай,эмэгтэй хүүхэд түлэгдсэн байна.

Гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтээс сэрэмжтэй байхыг иргэд, эцэг эхчүүдэд НОБГ-аас онцгойлон анхааруулж байна.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ