МСНЭ-ийн Баян-Өлгий дэх салбар зөвлөл сан байгуулахаар боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:57:28

МСНЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл өнгөрсөн бямба гарагт бүх гишүүдтэйгээ хуралдлаа. Ээлжит чуулган нэртэй энэ хуралдаанаараа тус байгууллагын түүхэн замнал, зохион байгуулалт, гишүүн элсүүлэх, цаашдын зорилтоо тодорхойлох зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.

Тус аймагт сэтгүүлчдийн байгууллага хэдийд үүсч байгуулагдсан тухай баримт сэлт хараахан олдоогүй ч эрхлэгчээр нь аймгийн сонины үе үеийн хариуцлагатай эрхлэгч нар хавсран ажиллаж байсан тухай ахмад сэтгүүлчид дурсан ярилаа. Улс олон нийтийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа зэрэг дутагдлыг шүүмжлэхэд зарим эрх баригчид дургүйцдэг тухай сэтгүүлчид ярилаа.

Чуулганаас соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах, «Ган үзэг» нэртэй сонин гаргах, сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлах, бүтээлээр нь ном товхимол хэвлүүлэх, харилцаа дууны тэмцээн зохиож, орлогоор нь сан байгуулж түүнийг сэтгүүлчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд зориулах зэрэг зорилт дэвшүүллээ. Салбар зөвлөлийн тэргүүлэгчээр долоон хүнийг, даргаар дэд доктор Б.Өмирбек, орлогчоор нь Б.Еркинбек, нарийн бичгийн даргаар С.Шынарбек нарыг сонгоод, МСНЭ-ийн гишүүнээр элссэн арав орчим хүнийг санал нэгтэй баталлаа.            

Тус аймгаас анх 1960-1980 онд МУИС-ийг төгссөн М.Хизат, М.Елеусиз, Алматыд их сургууль төгссөн О.Хахаар, Х.Даян, Ломоносовын нэрэмжит ИС төгссөн А.Хажекбер, Д.Сүхбаатарын нэрэмжит НДС төгссөн С.Магауия, И.Який, Р.Шынай нар тус аймгийн  мэргэжлийн ууган сэтгүүлчид байжээ. О.Тлейхан «Хөдөлмөр» сонины эрхлэгчээр, Х.Бирдхан «Үнэн» сонины тус аймаг дахь анхны сурвалжлагчаар, Ш.Жамлийхаа "Залуучуудын үнэн" сонины сурвалжлагчаар, С.Хабшай Монголын радиогийн ерөнхий редактор гээд олон нэртэй авьяаслаг сэтгүүлчид ажиллаж байжээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ