Мэргэжлээрээ ажиллах боломжгүй 1000 орчим багш өөр салбарт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн боловсролын байгууллага нийт 2000 орчим багш, ажилтантай. Тэдгээрээс 170 гаруй нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 1765 нь ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа юм.
Үүний цаана орон тоо байхгүйгээс багш мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа 1000 орчим залуус өөр салбарт ажиллаж явна. Төрөөс багшид тавих шаардлага өндөрсөж, багш мэргэжлээр сургуулиа төгсөөд шууд ажлын байрандаа өрсөлддөг байсан бол одоо сургуулиа төгссөний дараа багшлах эрхийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд дахиад тухайн сургууль, цэцэрлэгт багшийн ажлын байранд өрсөлддөг болсон. Уг шаардлагын үүднээс мэргэжлээрээ ажиллах боломжтой багшийн тоо цөөрсөн гэдгийг аймгийн БСГ-ын дарга Ч.Самбуу-Ёндон хэллээ.
2015 оны байдлаар 400 орчим багш шинээр төгсөн ирж багшлах эрхийн шалгалт өгснөөс 93 нь тэнцэж, 250 гаруй багш шалгалтдаа унажээ. Тэнцсэн багш нараас 50 хувь нь ажлын байраар хангагдсан байна.
Б.Батчимэг