ӨМНӨГОВЬ: Томуу, томуу төст өвчнөөр 14 хүртэлх насны хүүхдүүд их өвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-04 18:03:19

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Боловсролын газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Мэдээлэл солилцох уулзалт”-ыг томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар хийлээ. 

 

Энэ сарын эхний долоо хоногийн уулзалтаар Даланзадгад сумын цэцэрлэг, сургуулийн удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд Өмнөговь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн түвшинд 18,283 суралцагчаас 1,242 буюу 6.7 хувь, цэцэрлэгийн түвшинд 4,312 хүүхдээс 1,178 нь буюу 27 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт эрчимжиж, 14 хүртэлх насны хүүхдийн өвчлөл огцом өсөх хандлага ажиглагдаж байгаа тул бүх шатны сургалтын байгууллагуудад дараах зөвлөмж, чиглэлийг хүргүүлжээ.

 

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын өвчлөл ихсэж байгаа тул суралцагчдын дунд өдөрлөг, уулзалт, урлаг, спортын үйл ажиллагаа зэрэг олон хүүхдийг хамруулсан үйл ажиллагааг түр хугацаанд зохион байгуулахгүй байх, ирцийн тандалтыг сайжруулж, ирээгүй хүүхдүүдийн шалтгааныг тодруулан өдөр бүр бүртгэж, мэдээллийг нэгтгэн ирүүлэх, цэцэрлэг, сургуулийн багш, эмч хүүхдийг хүлээж авахдаа шинж, тэмдгийн тандалт хийж, ханиадтай хүүхдийг эмчид үзүүлэх, зөвлөмж өгч гэрт нь буцаах, үдийн цай, хоолны илчлэг, амт чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, илчлэг сайтай амин дэмээр баялаг хоол хүнсээр хангаж, аарц, жимсний шүүс, сүү өгч хэвшсэн байх зэрэг чиглэлд анхаарч ажиллахыг даалгалаа. 

 

関連ニュース