ӨМНӨГОВЬ: “Үдийн хоол” хөтөлбөрт бүх сурагчийг хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж, 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа.
Хуралдаанаар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн түвшинд 18,283 сурагч суралцаж байна. Үүнээс Даланзадгад суманд 9786 сурагч суралцдаг.
Улсын төсвөөр 1-5 дугаар анги, орон нутгийн төсвөөр 2021 оноос 6-7 дугаар анги хамрагддаг байсан бол ирэх оноос 8-12 дугаар ангийн бүх сурагч, Полтехникийн коллежийн дотуур байрны оюутнуудыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах шийдвэрийг Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хурлаар баталлаа.
Нэг хүүхдийн хоолны мөнгийг 4500 төгрөг байхаар тогтож, 15 сумын суурь төсөвт суулгаж өгөхөөр шийдвэрлэжээ. Ингэснээр орон нутгийн хэмжээнд бүх сурагчийг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулсан анхдагч аймаг болж байгаараа онцлогтой.
Ulaanbaatar