Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-01 15:25:21

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгахаар болсноо хотын дарга Х.Нямбаатар хэллээ.


Давхцалыг арилгах үүднээс өнгөрсөн онд нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгаж байсан юм.  


Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Цаашид нийслэлд давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг үе шаттайгаар татан буулгана. Ирэх жил нийслэлийн Эрүүл мэндийн газрыг татан буулгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээсээ өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байгууллага болгож хөгжүүлнэ. ӨЭМТ-ийг хэд хэдээр нь нэгтгэж, төсөв болоод хүний нөөц, техник хэрэгслийн хувьд чадамжтай болгох ёстой. Үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжээрээ шударга өрсөлдөж, санхүүждэг болгоно. Мөн Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана. Хүн амын төвлөрөл ихтэй газрууддаа автобусны зогсоол, үйлчилгээний төв байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, түрээсийн орлого төвлөрүүлдэг зарчим руу шилжинэ. Энэ зарчим руу шилжихийг Дэлхийн банк зэрэг байгууллагаас ч зөвлөдөг” гэв.


Ташрамд дурдахад, нийслэлийн Улсын бүртгэлийн газрыг татан буулгаснаар дээрх төрлийг үйлчилгээг дүүргүүд дээр чиглэлээс гадна гэр бүл, хөгжил, хамгааллын үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм. 



関連ニュース