Дэд бүтцийг сайжруулж бүсчилсэн хөгжлийг дэмжих талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-12-01 11:41:06

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад айлчлахдаа тус улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгитэй өнгөрсөн пүрэв гарагт уулзлаа.


Уулзалтаар Шадар сайд Х.Ганхуяг манай хоёр улсын харилцааны түүхэнд 2025 он онцгой ач холбогдолтой жил болж, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч, манай улсад төрийн айлчлал хийснийг онцолжээ.


Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэхээр ажиллаж буйд талархаад, зээлийн хүрээнд “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл”-ийн төслийг үргэлжлүүлэх нь Монгол Улсын боловсрол, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд ач холбогдолтойг онцолж, хамтран ажиллахыг хүслээ.


ГХЯ-ны мэдээлснээр сайд Т.Мотэги манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нэгдмэл зорилгын хүрээнд нягт хамтран ажиллаж буйг талархан тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг цаашид бэхжүүлэхэд анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, найрсаг харилцааны “тулгын чулуу” болсон ард иргэд хоорондын солилцоо, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгаагаа онцлов.



Уулзалтаар талууд харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө буйгаа нотолж, Монгол Улсын дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжин туршлага солилцох, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сайжруулахад хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх талаар ярилцлаа.


Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Токио хотноо амжилттай болсныг талууд сайшаан, ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн Монгол Улс, Япон Улсын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмж, холбогдох дэд хороодын уулзалтыг амжилттай зохион байгуулахын ач холбогдлыг тэмдэглэв.


Монголын тал Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сард зохион байгуулах COP17-д Япон Улс өндөр түвшинд оролцохыг урьсан юм.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас Япон Улсын Ерөнхий сайд хатагтай С.Такаичиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг Шадар сайд Х.Ганхуяг Гадаад хэргийн сайд Т.Мотэгид гардуулан өгчээ.

 

関連ニュース