ТӨВ: “Миний нутаг” яруу найргийн өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-06 22:55:56

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Миний нутаг” яруу найргийн өдөрлөгийг Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн-Галуутайн Аягын бүрд хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Яруу найргийн өдөрлөгт Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, эрдэмтэн зохиолч С.Оюун тэргүүтэй Ч.Жачин, Д.Цэнджав, Б.Энхтуяа, М.Саруулдалай, Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, Б.Жамбалдорж нар оролцож уран бүтээлээ толилуулсан юм. Мөн хүүхэд багачуудын шүлэг бүтээлийг шимтэн сонслоо. 



“Миний нутаг” яруу найргийн наадмыг энэ жил их зохиолчийн төрсөн нутаг, тэр дундаа төрж өссөн гэрийнх нь буйран дээр өдөрлөг хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог байлаа. Өдөрлөгийг “Хаадын зам” үйл ажиллагааны хүрээнд Чингис хаан үндэсний музей, Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулав.


Сонирхуулахад, "Хаадын зам" үйл ажиллагаа нь Бурхан Халдунаас Хархорум, Орхоны хөндийг холбосон хаад, язгууртны холбоотой соёлын өвийн дурсгалт газруудыг сурталчлан таниулах, түүхэн дурсгалуудыг судлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэхээр хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил юм. 

関連ニュース