ТӨВ: Эртний хотын туурь-Сантын ширээт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-28 16:54:36

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сантын ширээтийн туурь нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт оршдог.. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 тушаалаар хамгаалалтад авчээ.


Уг дурсгал нь тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн өндөр шороон хэрэмтэй, хэрмийг баруун хойноос зүүн өмнө тийш ташуулдсан байдлаар байгуулсан ба гол хаалга нь наран ургах чигт байрлана.


Хэрмийн хойд урд хана 100 м, зүүн хана 138 м, баруун хана 126 м урттай юм. Хэрмийн өндөр өнгөн хөрснөөс дээш 1.5-2 м орчим бөгөөд хэрмийн дотор хойд хэсэгт нь 17x15 м болон 9x9 м хэмжээтэй цуварсан 2 барилгын ором мэдэгдэнэ.

Хэрмийн 3 талын ханыг дагаж “п” хэлбэрээр байгуулсан сууцны үлдэгдэл ажиглагддаг. Төв хаалгаар ороод давхар хэрэмтэй байсан бололтой үлдэгдэл бий.


Түүнээс гадна хэрмийн баруун хойд буланд цонж юм уу цитадель маягийн байгууламж байсны ор байдаг. Хэрмийн гадуур 10 орчим овгор шороон довууд мэдэгдэх ба эдгээр нь барилгын туурь юм.


Энэ туурийг 1968 онд Х.Пэрлээ агсан үзэж, түүвэр олдвор цуглуулсан бөгөөд Хүннүгийн үед холбогдох боломжтой хэмээн таамагласан байдаг ч тухайн үед дурсгалын бүтэц, хэмжээ, дэвсгэр зураг зэргийг үйлдээгүй байна.


Судлаачид энэ дурсгалын хэрмийн дотор талд хайгуул хийж 4 ширхэг ваарны хагархай илрүүлсэн байна.


Эдгээрээс нэг нь урлаж байх явцад шаврын хийг арилгахаар цохисон нүдүүрийн оромтой. Нүдүүрийн ором нь торлосон маягийн нэхмэлийн мөр үлдээсэн агаад ийм нүдүүрийн ором Хүннүгийн ваар болон дээврийн ваар зэрэгт огт ажиглагддаггүй тул Хүннүгээс хойших үед холбогдох эд хэмээн дүгнэсэн байдаг.


Эх сурвалж:

“Бурхан халдунаас Хархорум хүртэл хаад, язгууртны дурсгалт газарт” цуврал шинжлэх ухаан-танин мэдэхүйн аяллын танилцуулга

 



関連ニュース