СҮХБААТАР: С.Төмөрхуяг дугуйн спортыг хөгжүүлэхэд 10 гаруй жилийг зориулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-07 18:38:36

Баруун-Урт, 2025 оны  долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Орон нутагт дугуйн спортыг хөгжүүлэхэд өөрийн амьдралын 10 гаруй жилийн хөдөлмөрийг зориулж яваа Сүхбаатар аймгийн Шилийн богд дугуйн клубийн дасгалжуулагч багш С.Төмөрхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.

 

Тэрбээр 2012 оноос аймгийн БТСГ-т дугуйн дасгалжуулагч багшаар одоог хүртэл тасралтгүй ажиллаж өсвөр үе, залуучуудыг дугуйн спортоор хичээллүүлж улс, бүс, тив, дэлхийн нэртэй тамирчдыг сурган бэлтгэж байна. 2012 оноос хойш 700 гаруй тамирчныг бэлтгэн хүүхэд, залуучуудыг дугуйн спортод дур сонирхолтой болгохын зэрэгцээ олон сайхан амжилтуудыг гаргасан юм.



Түүний бэлтгэсэн олон шавь нар нь дэлхийн болон Ази тив,  улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь бусад хүүхэд, залуучуудыг энэхүү спортод улам бүр шамдан суралцах, хичээл зүтгэл гаргахад нөлөөлсөн бөгөөд одоо тус аймагт дугуйгаар хичээллэж байгаа ахмад, залуу, өсвөр үеийнхний тоо улам бүр өссөөр байна. Мөн түүнчлэн сонирхогчдын тоо улам нэмэгдэж, бүх суманд өглөө бүр дугуйгаар хичээллэдэг хүмүүс олшрохын зэрэгцээ тэд дугуйн холбоотой нэгдэн нягтарч дугуйн спортын тамирчдыг дэмжин ажиллаж байгаа нь багш дасгалжуулагч С.Төмөрхуягийн нийтийн болон мэргэжлийн тамирчдыг бэлтгэхэд аймагтаа оруулсан том хувь нэмрийн нэг илрэл юм.   


Түүнчлэн шавь нар нь Ази, дэлхийн болон олон улсын тэмцээнээс 43 медаль хүртсэн бөгөөд ОУХМ 2, Спортын мастер 16, дэд мастер 3 тамирчин төрөн гарсан бол УАШТ-ээс  280 гаруй медаль хүртсэн бол нэрэмжит тэмцээнээс 700 гаруй медаль хүртсэн түүхэн амжилтыг түүний шавь нар гаргажээ.


 

Түүний шавь Б.Тэгшбаяр терекийн дэлхийн аваргын алтан медалийг хүртсэнээр Монгол Улсын түүхэнд дугуйн спортоор хамгийн анхны дэлхийн медальтан төрсөн юм. Мөн шавь Б.Тэгшбаяр нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө хүрэл медаль, уралдааны дугуйн Азийн аваргын мөнгө медаль хүртэж Парисын олимпод оролцох эрхээ авч бэлтгэл сургуулилалтаа базааж оролцогч тамирчнаар бэлтгэгдэж байжээ. Мөн шавь Э.Энхсаран уралдааны дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4, 5-р байрыг эзэлсэн амжилтуудыг эх орондоо авчирсан юм.


Дугуйн спорт нь ганцаарчилсан спорт бөгөөд энэ спортод амжилт гаргахад хөрөнгө санхүү асар их шаардлагатай байдаг бөгөөд С.Төмөрхуяг багш өөрийн хувийн компанийн хөрөнгөөр тамирчдаа бэлтгэснийг энд дурдах нь зүйтэй. Тэрбээр тамирчдаа тэмцээнд нь бүрэн хамруулах алжаал ядаргаагүй хол замд авч явах, тамирчдынхаа амжилтыг анхаарах зорилгоор өөрийн хөрөнгөөр 2 бага оврын жип машиныг худалдан авч тамирчин хүүхдүүдэдээ үйлчилж байна. Тамирчдын хоол, байрны зардал, өмсгөл, бэлтгэлийн хувцас гээд бүх зардлын 80 хувийг өөрийн компаниас зарцуулж иржээ.



С.Төмөрхуяг өөрөө дугуйн мэргэжлийн тамирчин. Дунд сургуулийн сурагч байхаасаа дугуйн спортоор хичээллэж өсвөр үе, залуучуудын  улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 8 алт, 12 мөнгө, 26 хүрэл медаль хүртэж "Улсын шилдэг тамирчин”-аар гурван удаа шалгарч байсан шилдэг тамирчин байсан юм.   

 

1994 онд “Миний эх орон” монгол орноо дугуйгаар тойрох аялалд 8875 км газрыг 194 хоног тойрсон анхны аяллын гишүүн юм. Мөн хүүхдийн дугуйн аяллыг 54 хоногт 4500 км,  Дархадын хотгор хүүхдийн аялалд 2000 км, Монгол-ОХУ-ын Буриадын аялалд 65 хоногт 4500 км аялсан туршлагатай аялагч, тамирчин дасгалжуулагч бөгөөд 2018, 2019, 2023 онд Монгол Улсын “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарчээ.


Сугарсүрэнгийн Төмөрхуяг нь Монгол Улсад дугуйн спортыг орон нутагт хөгжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үе, залуусыг зөв хандлага, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягт сургах чиглэлээр үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан шилдэг тамирчин, чадварлаг дасгалжуулагч, нийгмийн идэвхтэй гишүүн хэмээн түүнийг Сүхбаатар аймгийн Шилийн богд дугуйн холбооны хамт олон тодорхойлж байна.

 

関連ニュース