БАЯН-ӨЛГИЙ: Ууган даргын ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-07 17:08:25

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад дайчин, Ховд, Баян-Өлгий аймгийн анхны дарга Бажи овогтой Хабийн мэндэлсний 125 жилийн ойг наймдугаар сард Өлгийд тэмдэглэнэ.


Б.Хаби 1900 онд тус аймгийн Даян нуурын хөвөөнд ядуу малчин ард М.Бажийн гэр бүлд төрөөд хар багаасаа баян айлд зарцлагдаж, хилийн харуулынханд туслалцсаар тэднээс монгол хэл, худам монгол бичиг сурч, улмаар хошууны төвд ирж "Шерсторг" худалдааны байгууллагын ноос угаах үйлдвэрт ажилд орж Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс орос хэл, славян бичиг сурч мөн Улаанбаатарт санхүүгийн сургуульд суралцаж төгсөөд казах хошууны нарийн бичгийн даргаар ажиллаж, уг хошуунд 1928 онд анхны сургууль, 1930 онд анхны намын үүр байгуулахад идэвхтэй оролцож, 1931 онд Ховд аймаг байгуулахад тус аймгийн дарга, орлогч дарга, баруун хилийн комиссар, 1936 оноос аймгийн дарга, 1938 оноос нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байжээ.

 

1940 онд Улсын VІІ Их хуралд төлөөлөгчөөр оролцон Бага хурлын гишүүнэээр сонгогдоод, мөн оны наймдугаар сарын 20-нд Баян-Өлгий аймаг байгуулагдахад аймгийн (аймгийн яамны тэргүүн) даргаар нь сонгогдон 1943 оноос аймгийн прокуророор томилогдон мөн БНХАУ-ын ШУӨЗО-ы нутаг дэвсгэрт байгаа Монголын иргэдийг гоминданы дарлалаас чөлөөлөх сайн дурын отрядын захирагчаар ажиллан үүргээ амжилттай биелүүлсний дараа өөрийн саналаар ардын аж ахуй эрхлэн Улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцоод, "Шинэ зам" хөдөө аж ахуйн нэгдэл байгуулан ажиллаж байгаад 1955 оны өвөл өвчний улмаас таалал төгсжээ.

 

Б.Хабийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1935 онд Монгол Улсын Ерөнхий сайдаас "Хүндэт үнэмлэх", 1952 онд Бага хурлын даргаас Алтан гадас одон хүртэж, 1957 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 124-р тогтоолоор Б.Хабийн дурсгалын хөшөө босгох шийдвэр гаргасныг ёсоор нь гүйцэтгэн, 1958 онд нэрт уран барималч С.Чоймболын урласан хөшөөг аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт байрлуулжээ.

 

Баатар генерал Батын Дорж "Эх орны төлөө цохилох зүрх" номдоо, "Хабий, Ногоя, Халхабай нар хувьсгалт тэмцэлд хатуужсан эрдэм боловсролтой хүмүүс... Б.Хабий... нарын олон эр зоригтон баатарлаг гавъяатай" /100-101-р т/ гэж тэмдэглэжээ.

 

Өлгий хотод Б.Хабийн нэрэмжит гудамж, аймгийн музейн өмнө талд өөр нэг хөшөө нь байдаг бөгөөд Өлгий сумын ИТХ-ын 2022 оны ХІІ сарын хуралдаанаар уг музейг Б.Хабийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм.

 

Б.Хабий нэг хүү, нэг ач хүүтэй байсан бөгөөд одоо түүний гуч Е.Нуртуган дээд өвөөгийнхөө өөр нэгэн дурсгалын хөшөөг аймгийн ЗДТГ-ын өмнөх талбай дээр босгож, 125 жилийнх нь ойн баярыг тэмдэглэхээр хичээнгүйлэн зүтгэж явна.

 

Зураг: Б.Хабийд Ерөнхий сайдаас олгосон үнэмлэх, Өлгийд босгосон анхны хөшөө, Б.Хабийгийн авч явсан Алтайг чөлөөлөх отрядын туг, Одоо босгох шинэ хөшөө, Тухайн үеийн нам, засгийн өндөрлөгүүдтэй Их, Бага хуралд оролцохдоо хамт авхуулсан зэрэг зургууд байна.

関連ニュース