БАЯН-ӨЛГИЙ: “Айтыс” буюу харилцаа дууны тэмцээнд Х.Кадир түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-12 23:23:05

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хүрээнд айтыс буюу харилцаа дууны тэмцээн боллоо. Казах түмний уламжлалт харилцаа дууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэн үлдээх зорилготой тус тэмцээнийг Хөгжимт драмын театрт зохион байгуулсан бөгөөд 10 гаруй найрагч уран үг, уянгалаг дуугаараа өрсөлдлөө.


Айтыс нь оролцогчид тухайн мөчид шууд дуугаа зохион дуулж, хэл ярианы баялаг, дууны агуулга, дуулах ур чадвараараа уралддагаараа онцлогтой бөгөөд энэ удаа хоёр үе шаттай явууллаа.

 

Тэмцээний тэргүүн байрт Алтай сумын найрагч Хабайн Кадир шалгарч, нэгдүгээр байрыг Цэнгэл сумын харьяат Азимын Серуен, хоёрдугаар байрыг Улаанхус сумын Рашаатын Айдос, гуравдугаар байрыг Алтай сумаас ирж оролцсон сурагч Манаасын Абзалбек, тусгай байруудыг Бугат сумын Карменхааны Гулжан, Улаанхус сумын Муратын Тилек нар тус тус эзэллээ.

 

Шагналт байрт шалгарсан оролцогчид өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээн нь зөвхөн уран яруу найргийн ур чадварыг үнэлэхээс гадна казах хэл, ёс заншлын дархлааг баталгаажуулах, зан заншлаа хүндлэн хамгаалах, соёлын үнэт зүйлсийг хойч үед уламжлуулах ач холбогдолтойг онцолсон юм.

関連ニュース