Олон улсын мастер Ү.Агьбилэг, М.Амилал нар Актөбэгийн нээлттэй тэмцээнд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-24 10:35:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Казахстаны Актөбэ хотод олон улсын шатрын их наадам эхэллээ.


Владимир Дворковичийн дурсгалд зориулсан энэхүү нээлттэй тэмцээн Казахстаны цомын анхны шалгаруулалт бөгөөд 23 орны 320 гаруй тамирчин оролцож байна. Актөбэ хотын “АСЕ” теннисний төвд болж буй энэхүү тэмцээнд Хятадын их мастер Ван Хао, Сербийн Алексей Сарана, Арменийн Шант Саргсян тэргүүтэй шилдгүүд чуулжээ.


Тэгвэл манай улсаас олон улсын мастер М.Амилал, Ү.Агьбилэг нар “Мастерс” ангилалд өрсөлдөж байна. Хоёр тойргийн дараа манай шатарчид 1.5 оноотой болсон бөгөөд М.Амилал өнөөдөр Энэтхэгийн их мастер Миттал Адитяатай, Ү.Агьбилэг Оросын Артем Усковтой тоглохоор оноолт таарчээ.


Энэ сарын 30-нд өндөрлөх тус тэмцээн “Мастерс” (2400+), “Чэлленжерс” (1900–2399), “Опэн” (1400–1899) гэсэн гурван ангиллаар болж байгаа юм. Мастерс ангиллын шагналын сан 78 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн шатарчин 18 мянган ам.долларын шагнал хүртэнэ.









関連ニュース