БАЯН-ӨЛГИЙ: Казах иргэдийн хүүхэд өлгийдөх ёсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Казах иргэд өлгийг ихээхэн хүндлэн бэлгэшээдэг бөгөөд шинэ төрсөн хүүхдийг 7 хоногийн дараа модоор хийсэн өлгийд өлгийдөн нэр хайрлаж, өлгийний найр хийдэг заншилтай. Өлгийг-бесік хэмээн нэрийддэг.
Найрт айл саахалтын эмэгтэйчүүд ирж оролцон, хүүхдэд болон
ээжид нь төрөл бүрийн бэлэг өгдөг. Хамгийн өндөр настай, эсвэл хүндтэй ээж,
эмээ нарын нэг нь хүүхдийг түрүүлэн өлгийдөж ерөөлөө хайрлана. Харин нэрийг бол
өвөө, аав нь, эсвэл хамаатан, худ ургийн юм уу нагац талын нэр хүндтэй, өндөр
настан юм уу лам (казах иргэд исламын шашин шүтдэг болохоор ислам шашны молла
санваартан) хайрлаж, азан буюу исламын шашны мөргөлийн ном уншаад нэрийг нь
чихэнд нь 3 удаа чангаар дуудна.
Казахууд хүүхдээ хөлд ортол, хүүхэд харах хүнгүй малчин айлууд хүүхдээ нэлээн том болж өлгийд багтахаа байтал нь одоо болтол өлгийддөг. Өлгий нь хүүхдийг гал, ус мөн муур, нохой, хорхой шавж, шумуул, могой зэргээс хамгаална хэмээн ихэд бэлгэшээн хэрэглэдэг.
Өлгийг сайн чанарын давуугаар тоноглон тохижуулж, муу зүйл,
хэл амнаас хамгаална хэмээн шар шувууны өд өлгөдөг.
Сүүлийн үед эмч нар хүүхдийг өлгийдөх нь түнхний мултралтай
болгох эрсдэлтэй хэмээн зөвлөж байгаа хэдий ч эсрэгээрээ өлгийний даавуу,
уяанууд нь хүүхдийн гар, хөлийг тэгшилдэг талтай гэсэн судалгаанууд ч бий,
уламжлалаа дагаад өлгийний хэрэглээ багасалгүй орчин үеийн хээ угалзаар
чимэглэсэн, дуу аялдаг, өлгийг цахилгаанаар хөдөлгөж хүүхдийг бүүвэйлдэг,
эвхэгддэг эко гэх зэргийн шинэ төрлийн өлгийг Казахстан, БНХАУ-ын ШУӨЗО-ы казах
иргэд бүтээснийг Баян-Өлгий аймгийн иргэд авчирч хэрэглэдэг болоод байгаа.
Өлгийн дуу(Бесик жыры) иргэдийн дунд түгээмэл байдаг бөгөөд
өлгийдсөн хүүхдэд зориулсан ардын дуунууд бий.
Модон өлгийнөөс хөрст дэлхийн өлгий хүртэл хэмээн хүний
амьдралыг өлгий хэмээх үгтэй холбон хэмжиж, төрсөн нутгаа алтан өлгий минь
хэмээн зүйрлэдэг.
Казахын нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Абай Кунанбаев:
Төрөхөд дуугаар
хорвоогийн үүдийг нээгээд,
Халихад дуугаар
биеийг чинь үдэж өгнө хэмээн шүлэглэсэн бол алдартай зохиолч Мухтар Ауезов “Улс
орноо зөв хөгжүүлнэ гэвэл өлгийгөө зөв тэгш болго” буюу хүүхдээ зөв
хүмүүжүүлэхийг сургамжилсан байдаг бөгөөд казахууд шинэ төрсөн хүүхдээ ийнхүү
өлгийн дуугаар аргадаж, унтуулж, чихэнд нь хоногшуулж ардын заншлаараа
хүмүүжүүлдэг бол хорвоогийн жамаар насан эцэслэж таалал төгссөн хүнийг ч мөн
үгүйлэн дуулж, амьддаа бүтээсэн бүтээлүүдийг нь яруу сайхнаар магтаж, ойр
төрлүүдэд нь дурсан сануулж, эцсийн замд нь үдэж хагацлын дууг дуулдаг.