Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-09 09:03:57

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр энэ сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.


Аймаг, сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 17 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль товлогдсон. Нөхөн сонгуульд Монгол Ардын намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас 3, Иргэний зориг ногоон намаас 2, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 41 буюу 33.9 хувь нь эмэгтэй аж.

Нөхөн сонгууль товлогдсон аймаг, сумын сонгогчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх болон санал өгөх байрныхаа хаягийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийн саналыг энэ сарын 22-нд Улаанбаатарын цагаар 7-20 цагийн хооронд авна.


 

関連ニュース