Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээ илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-14 11:04:21

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.

Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд 2022 онд тэмдэглэсэн юм. Японы талаас жил бүр соёлын үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд “Японы соёлын өдрүүд”-ийг энэ оны наймдугаар сарын 17-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг Элчин сайд Игавахара Масарү хэлэв. Тэрбээр, Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны эхэнд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэнд талархал илэрхийлжээ.


Хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсаас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод Нарны гүүр, Япон-Монголын эмнэлэг, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийснээс гадна ЖАЙКА-тай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байдгийг Хотын дарга онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


Улаанбаатар хот нь Японы Токио, Саппоро, Мияконожо зэрэг хоттой эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эдийн засаг зэрэг салбарт амжилттай өрнөж буйг талууд онцолж, цаашид хот төлөвлөлт, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.


Игавахара Масарү нь өнгөрсөн оны 12 дугаар сард Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм. Монгол Улс, Япон Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоожээ.

 

関連ニュース