Олноо өргөгдсөн Монгол Улсын түүхэнд холбогдох тулгар сурвалж бичиг, ном судрыг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрийг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд нээлээ.
Үзэсгэлэнг МУГЖ, Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар Их Монгол Улсын төрийн дуулал хэмээгддэг "Эртний сайхан" уртын дуу, МУСТА, МҮУИТ-ын гоцлол дуучин Д.Наранхүү Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал "Зуун лангийн жороо луус" дуугаар ая барьж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр гурван төр улсын дууллаар нээв.
Үзэсгэлэнд Богд хаан, алтан ургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин төрийн мэргэдийн түүхэн гэрэл зураг хийгээд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, ном судрыг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг төр ба шашин гэсэн хоёр жигүүрт хуваан гэрэл зураг, сурвалж бичгүүд, ном судрыг ангилан толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгээс Богдыг хаан ширээнээ суухуйд өчин айлтгасан ерөөөлийн бичиг, шар өнгийн нугалбар, Мэргэд гарахын орон судрын модон бар, Хүрээ барын Ганжуур, Жадамба судрын зэс бар зэрэг ном судрыг үзэх боломжтой.
Судлаач Ч.Гансүх хэлэхдээ, "Монгол Улсын Үндэсний номын сан Богдын номын сангийн суурин дээр байгуулагдсан. Богдын номын сангаас 1300 гаруй ном таалал төгссөний дараа нь ирсэн гэж үздэг. Мөн Манжийн хаанаас Богд хаанд өргөсөн "Тансан номын үлгэр" зурагт ном Богд хааныг ном цуглуулдаг байсныг гэрчилнэ. Үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний номын сан хөмрөгт хадгалагдаж буй төвөд, монгол 20-иод ном дэлгэсэн. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаан болон Эх дагиныг сэнтийд залахад нь айлтгасан айлтгалыг дэлгэснээрээ онцлогтой. Да Лам Цэрэнчимэд айлтгал ерөөлийг тухайн цаг үед олон нийтэд зарлан дуудаж байсан гэж судлаачдын судалгааны бүтээл байдаг. Мөн Богдын лүндүнгүүд, тухайн үеийн Орос , Хятад улстай ямар ямар уул, ус голоор хиллэж байгааг тэмдэглэсэн хил хязгаарын цэсийг дэлгэсэн байна. 1908-1010 онд Хүрээнд барласан, Хүрээ барын Ганжуур гэж алдаршсан дөрвөн боть нь Богдын оюун санааны нэгдмэл зангилаа байсан гэдэг талаасаа ач холбогдолтой" гэв.
Эл үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангаас Залуу монголч судлаачдын Эрдмийн хэлхээ нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2024 оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэл хоёр сарын турш олны хүртээл болно.