“Physical: Asia" шоу нэвтрүүлэгт оролцсон баг тамирчидтай хамтран ажиллахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-28 16:23:13

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix" компани, БНСУ-ын “MBC” сувгийн хамтран бүтээсэн “Physical: Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсаас оролцсон баг тамирчид болон төслийн багийг өчигдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв.


Энэхүү "Physical: Asia" шоу нэвтрүүлэг монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээгээд байна.


ССАЖЗЯ-ны мэдээлснээр, цаашид тус төслийн баг, тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Тус “Physical: Asia" шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчийг байлдан дагуулж, Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалт аваад байгаа аж.



 

関連ニュース