Өндөр гэгээн Занабазарт зориулан “Дурсгалын марк” хэвлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн түүхэн ойн хүрээнд үнэ цэнтэй өвийг бүтээн бий болгосон эрхэм хүмүүнд зориулан дурсгалын марк хэвлүүлэн олон улсын шуудангийн харилцаанд өнөөдрөөс эхлэн түгээж эхэллээ.
Дурсгалын марк нь цаг хугацааны хил даван үндэсний бахархал, соёлын өвийг дэлхий дахинд түгээсээр ирсэн нэгэн соёлын элч юм. Олон улсын шуудангийн харилцаанд түгээх нээлтийн үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд ёслол төгөлдөр болж, тусгай технологийн блок маркийг олон нийтэд танилцуулав.
Шинэ маркийн нээлтийн үйл ажиллагааг ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам эхлүүлж “Энэхүү марк нь Өндөр гэгээний хонх очир барьсан шүтээн хөргийг дүрсэлж чимэглэл хэсэгт Занабазарын бэлгэдэл дүрүүдийг бүтээж ар талд нь дэлхийн нийтээрээ эв найрамдалтай амьдрах утга санааг илэрхийлсэн “Жанлавцогзол” номын гол хэсгийг Төвд бичгээр буулгасан нь ихээхэн онцлог” болсон хэмээн тодотгов.
Маркийг бүтээхэд шаазан урлаач Х.Хадхүүгийн уран бүтээлүүдээс дүрслэн, ар талд нь зүрхэн тарниудыг төвөд бичгээр оруулан зураачаар нь Б.Баярхүү, дизайнер Ж.Ганхуяг нар ажилласан байна. Монгол маркийн түүхэнд 1988 онд “Занабазарын уран бүтээл” сэдэвт долоон нэрийн маркийг гүйлгээнд гаргаж байсан аж.



Ulaanbaatar