“Мөнх тэнгэрийн бичиг-2025” 14 дэх удаагийн үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-21 18:46:45

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлээ.


Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол хүний оюуны дархлаа, монгол үндэсний соёлын өв уламжлалыг хойч үе болон олон улсад таниулан сурталчлах зорилготой юм. 14 дэх жилдээ зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнд нийслэл болон хөдөө орон нутаг, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх Нуурын Дээд монгол болон Францын мэргэжлийн уран бүтээлчдийн 260 гаруй бүтээлийг дэлгэжээ.


Монголчууд дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол, дөрвөлжин, али гали, манж, рүни, тод, соёмбо, төвөд, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирилл зэрэг арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээрээ онцлогтой. Монгол уран бичлэг нь Монгол туургатны соёлын өв, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний бэлгэ тэмдэг юм.


Энэхүү үзэсгэлэн үндэснийхээ бичиг соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, өвлүүлэн сурталчлах, хүүхэд залуучуудад сурах, судлах  тэмүүллийг бий болгох, монгол бичгийн соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын авьяас чадварыг дэмжихэд чиглэж байна. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг юм.


Мөн тус үзэсгэлэнд энэ жил Монголын фелателийн холбооны хүндэт гишүүн Д.Дашжавын “Чингис хаан ба түүний залгамжлагчид” сэдэвт шуудангийн маркуудыг дэлгэснээрээ онцлогтой.

Үзэсгэлэн ирэх сарын 5-ныг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд үзэгчдийн хүртээл болно. Үзэсгэлэнгийн фото агшснаас хүргэе. 




















Гэрэл зургуудыг Б.Чадраабал 

関連ニュース