“Баавгайн хөндий”-г "Боловсрол" телевизээр үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн “Баавгайн хөндий” баримтат кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэр хэрээр үзэгчдээс дахин үзэх хүсэлт киног бүтээсэн уран бүтээлчдэд цөөнгүй иржээ. Тиймээс энэ сарын 22-нд албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээр олны хүртээл болгох гэж байна.
Уг кино дэлхийн 22 кино наадамд өрсөлдөж 19 шагнал хүртээд байгаа юм. Дэлхийн уушги болсон таван тивийн онгон зэрлэг байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар бүтээсэн энэхүү киноны гол үзэл санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлсэн байдаг. Мөн хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэжээ.
Францын “ARTE TV”-ийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан бол Монгол Улсын Байгаль орчны
гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн билээ.