Монгол, Германы уран бүтээлчид "Анагаагч эх дэлхий” хамтарсан үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-05 11:41:22


Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Анагаагч эх дэлхий” Герман, Монголын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан” үндэсний  музейд өчигдөр боллоо.


Тус үзэсгэлэн хүн, байгаль, хотжилт, экологи, нүүдлийн уламжлал, сүнслэг оршихуй зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус хоёр орны урлагийн түүх, соёлын үзэл санаа солилцох талбар болж буйгаараа онцлогтой.


Үзэсгэлэнд Монгол Улсын бэлчээрийн даац, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудлыг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатайг хөндөж, хүн байгалийн дахин холбогдох хүсэл, эх дэлхийгээ анагаахуй гэх утгыг уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан илэрхийлжээ.


ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Хана Бэкэр нээлтийн үеэр хоёр улсын соёл урлаг, хамтын ажиллагаа нь ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийн гол бат бэх гүүр хэмээн тодотгов.


Мөн тэрбээр, “Бид улс төр, эдийн засгаас гадна соёл урлаг, боловсролын салбарт түлхүү анхаарч байна. Өнгөрсөн онд Монгол, Германы дипломат харилцааны 50 жилийн ой тохиосон. “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн хоёр улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл юм. Энэхүү ажил хоёр жил үргэлжилсэн бүтээлч үйл явц юм. Монголын уран бүтээлчид Германд очиж судалгаа хийсэн бол манай уран бүтээлчид Монголд ирж өөрийн сэдэв, сонирхлын дагуу судалсан. Энэ бүхний дүнд хоёр талын уран бүтээлчид бие биенийхээ соёл урлаг, орон зайг илүү гүнзгий танин мэдсэн. Уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь зөвхөн мэргэжлээс гадна хувийн түвшинд ч гүн нөхөрлөлийг бий болгосон” гэв.



Тус төслийн зохион байгуулагч Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, “Эх дэлхийгээ анагаахуй” буюу энэ удаад Монголд дэлгэж буй “Анагаагч эх дэлхий” нэртэй, хоёр жил үргэлжилсэн энэхүү төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийж байна. Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын гадаад бодлогын зөөлөн хүчний хүрээнд соёлоор дамжуулан салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгарч буй асуудлыг түүх, археологи, уламжлал, соёл болон орчин үеийн урлагтай холбон хэрхэн олон нийт, үзэгч, урлаг судлаач, уран бүтээлчид хүргэх вэ гэдгийг хамтдаа эрэлхийлж ажиллалаа. “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн гол санаа нь Монгол, Германы дипломат харилцааны 50 жилийн ойтой уялдан экологийн системийн алдагдал, байгаль орчны тулгамдсан асуудлыг урлагаар дамжуулан хөндсөн юм. Монгол, Германы хамтарсан 10 уран бүтээлчийн бүтээл үзэсгэлэнд дэлгэсэн. “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнг 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 30-ныг хүртэл  “HUE”  арт толилуулсан.


Галерейн орчноос түүхэн музейд шилжин дэлгэсэн нь үзэсгэлэнд өөр өнгө төрх нэмж байна.


Бид цаг хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож нэг орчинд уялдуулж салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьсон. Мөн шинжлэх ухаан, түүх соёл, өв уламжлал болон орчин үеийн урлагийг хооронд нь холбож буйгаараа онцлогтой” гэв.


2024 онд тохиосон Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Күнстхалле Дюссельдорф музейд зохион байгуулсан “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн Улаанбаатар дахь үргэлжлэл болж "Анагаагч эх дэлхий" үзэсгэлэнг ийнхүү толилуулж буй юм.


Тус үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.















関連ニュース