“Snow Melody” тоглолтын товыг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жил бүр шинэ жилийг угтан Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг “Snow Melody” тоглолт энэ сарын 23-нд Соёлын төв өргөөний тайзнаа болох гэж байна.
Шинэ жилийн баярт зориулан тусгайлан бэлддэг “Snow Melody” тоглолтыг энэ жил FatCat Jazz Club-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэгчид, хөгжимд дурлагсдын өвөл бүр тэсэн ядан хүлээдэг тоглолтын нэг болсон билээ.
Энэ жилийн “Snow Melody” тоглолтын гол дүр нь Жожо нэрээрээ олонд танигдсан, жазз дуучин Б.Өнөрзул байх аж. Дуучин Жожо мэргэжлийн шилдэг уран бүтээлчидтэй нэгдэн шинэ жилийн сэдэвт хөнгөн цолгиун, хөвсөлзүүлсэн уянгалаг дуунуудаар үзэгчдийн сонорыг мялаах юм.
Тоглолтод
Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулга, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн
цөөхүүл, удирдаач С.Саруул-Од, дуучин Н.Наранбаатар /Наагий/, Г.Тэнүүн,
Ж.Ариунжаргал /Ариу/, О.Энх-Эрдэнэ, Б.Энхжаргал нар оролцох юм байна.