“Чулууны хээ-9” үзэсгэлэнд байгалийн урласан 300 гаруй үзмэрийг дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. МУСГЗ, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Г.Гонгоржав “Чулууны хээ-9” /Хүмүүн/ үзэсгэлэнгээ Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнг нээж МУСГЗ, Чингис хаан одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хэлэхдээ, эх нутгийнхаа газар шороо, уул устайгаа шүтэн барилддаг монголчуудын оюун санаанд энэ үзэсгэлэн эх орноо хайрлах, бахархах, ширхэг чулууг ч аугаа үнэтэй гайхамшиг гэж олж харах, танин мэдэхүйд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг тодотгов.
Эл үзэсгэлэнд тавигдсан элдэв төрлийн эрдэс чулуулаг, тухайлбал, ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, чулуужсан мод, опал, оюу мэтийн үнэт, өнгөт хийгээд занар, зануул, нангис, цахиур, бөсөл, гиван, гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал чулуулгийн өгөршил, хагарал, цуурал, хуурал, зүсэлтээс нэгэн зураасны нэмэлт хачиргүйгээр өөрөө тодорсон 300-гаад үзмэрийг дэлгэжээ.
Энэхүү үзэсгэлэнгээс байгаль дэлхийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээт, олон ургальч хэв маягийг уралдуулсан уран туурвил хүмүүний ертөнцийн гадаад төрх, үйл хөдлөл, ааш аяглал, хүсэл тэмүүлэл, шүтлэг, зан үйл хэрхэн тусгалаа олсныг үзэх боломжтой.
МУСГЗ, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Г.Гонгоржав хэлэхдээ, “Байгалиас давсан уран туурвигч үгүй. Хамгийн том туурвигч нь байгаль юм. Байгаль бол үнэхээр агуу уран бүтээлч гэдгийг харуулахын тулд 9 удаа үзэсгэлэнгээ гаргаж байна. Өмнө нь байгалийн чулууг онцлон “Чулуу бичиж байна” хэмээх үзэсгэлэнгээ гаргасан. Хүн төрөлхтөн бичиг үсэг юунаас үүссэн гэдгийг одоо хүртэл тайлж чадаагүй байна. Би тэрхүү үзэсгэлэнгээрээ хүн төрөлхтөний бичиг үсгийн анхны багш нь байгаль юм гэдгийг харуулахыг зорьсон. Харин энэ удаагийн үзэсгэлэнгээ “Хүмүүн” хэмээх сэдвээр эрдэс чулуулаг хүнийг хэрхэн урласан байна вэ гэдгийг гаргахыг зорилоо. Чулуулгийн дотроос уран болон зураасан зураг, баримал, товгор, хотгор, бүтэн сийлбэр гэх мэт төрлөөр ялган, хүний ааш араншин, хөдөлмөр бүтээлтэй хэрхэн холбогдсоныг өөрийнхөө харах өнцгөөс харж цуглуулсан. Ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, опал, хүрмэн, боржин, гантиг гэх мэт 10 гаруй төрлийн чулуугаар байгаль өөрөө урласан бүтээлүүдийг дэлгэлээ. Хүний нүдэнд ил харагдах хад чулуунаас гадна чулууг зүсэх, хагарахад чулууны дотоод гүнд нь урлагийн бүтээлийг байгаль хэрхэн урласныг харуулахыг зорьсон” хэмээв.
Тэрбээр өргөн олны өсөж төрсөн нутаг усныхаа эрдэнэсийн сан, үүц нөөцөд ямагт элгэмсэг, ажигч гярхай, аригч сэтгэлээр хандах сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдэс чулуулгийн гайхамшигт ертөнцийн гоо сайхны мэдрэмж таашаалыг оргилуулан бадраахын чин эрмэлзэл тээсэн гэдгээ хэлж байлаа. Мөн тэрбээр үзэсгэлэнгийн үзмэрүүдээ тайлбаргүйгээр дэглэснээрэ онцлогтой. Учир нь зорьж ирсэн үзэгчдийг чулуу бүрийг өөрийн оюун, сэтгэхүйд тунгааж хариултыг дотроосоо эрээсэй хэмээн хүсжээ. Энэхүү үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, МУСГЗ, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Г.Гонгоржав эрдэс чулуулаг, Монголчуудын чулуун өв соёлын сэдвээр Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерей, Монголын Үндэсний музейд 1994-2022 онд нийт 9 удаа үзэсгэлэнгээ дэлгэж, үзэгчдийн хүртээл болгож байв.