Цахилгаан түгээх сүлжээний шинэ технологи нэвтрүүлэхээр туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2018-05-26 14:01:42
Дархан-Уул / МОНЦАМЭ / Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн хамтран зохион байгуулж байгаа “Шинэ техник технологи ба үр ашиг” сэдэвт зөвлөлгөөн Дархан-Уул аймагт баасан гарагт эхлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаа эх орны өнцөг булан бүрээс ирсэн Монгол Улсын цахилгаан эрчим хүч түгээх болон хангах тусгай зөвшөөрөл бүхий 28 байгууллагын 160-аад төлөөлөгч оролцож байна.
Зөвлөлгөөнд ЭХЯ-ны хэлтсийн дарга Т.Батдондог, ЭХЗХ-ны дарга А.Тлейхан, тус хорооны хэлтсийн дарга Л.Жамбаа, Диспетчирийн Үндэсний төвийн дэд захирал С.Бүрэнтогтох, ДСЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал С.Нэргүй, дэд захирал Б.Батжаргал болон тус аймгийн Захирагчийн алба, Мэргэжлийн Хяналтын газар, ЭХЗХ-ны зохицуулагчид оролцож илтгэл мэдээлэл хийлээ. 



Эрчим Хүчний Зохицуулах Хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун,“Эрчим хүчний зохицуулах хороо санаачилж Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-тай хамтарч цахилгаан түгээх болон хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын дунд “Техник технологийн шинэчлэл-Үр ашиг” сэдэвт зөвлөлгөөнийг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэхүү зөвлөлгөөнд нийт 28 байгууллагын 190 гаруй төлөөлөгч оролцож байна. Зөвлөлгөөнийг цахилгаан түгээх болон хангах сүлжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, алдагдлыг бууруулах хоорондоо харилцан туршлага солилцох мөн өнөөгийн байгаа хүндрэлүүдийг хэлэлцэх зорилгоор зохион байгуулж байна. Манай  Эрчим хүчний зохицуулах хорооноос бүсчилсэн зөвлөлгөөнүүдийг зохион байгуулж байгаа. Бид 2017 онд зүүн бүсийн зөвлөлгөөнийг Дорнод аймагт, төвийн бүсийн зөвлөлгөөнийг Орхон аймагт, баруун бүсийнхийг Ховд аймаг тус бүрт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгуулсан. Үүгээрээ бид гол нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудыг цаашдаа бодлогын төвшинд юу юун дээр нь анхаарах вэ гэдгээ бас ярилцсан. Харин одоо бол төрөлжүүлээд энэ жил түгээх болон хангах сүлжээ энэ оны гуравдугаарг сард орон нутгийн дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа цуглуулж бас ийм зөвлөлгөөнийг хийсэн. Ирэх зургадугаар сард бас дулаан шугам сүлжээний компаниудаа цуглуулж зөвлөлгөөн хийх бол ирэх аравдугаар сард эрчим хүчний эх үүсвэрүүд цахилгаан станцууд, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудаа цуглуулж цэвэр мэргэжлийн харилцан туршлага солилцож цаашдаа бодлогын чанартай шинэчлэлтийг хийх талаарх зөвлөлгөөн болно. Энэ удаагийн зөвлөлгөөнийг Дархан-Уул аймагт хийж байгаагийн зорилго гэвэл ДСЦТС ХК бол төрийн өмчөөс хувийн хэвшилд шилжсэн эрчим хүчний анхны томоохон компани. Ер нь бол эрчим хүчний салбарыг хувьчлах нь зөв, буруу гээд олон янзын санал явдаг. Энэ компан хувьчлагдсанаас хойш  эднийд техник технологийн шинэчлэлт, үр ашгийн талаар ямар ямар ололт байна вэ? Үүнийг бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын хүмүүс нь үндсэндээ нүдээрээ үзэж танилцаж байна. Энэ удаагийн зөвлөлгөөнд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний бүх түгээх сүлжээнийхэн эх орны өнцөг булан бүрээс ирж оролцож байгаа. ДСЦТС ХК бол анх удаа ухаалаг тоолуурын системийг шинээр нэвтрүүлсэн зэргийг газар дээр нь үзэж танилцаж байгаа зэрэг давхар давхар ач холбогдолтой зөвлөлгөөн болж байна” гэв.
ДСЦТС ХК-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий менежер Б.Батжаргал:-“Энэ удаагийн зөвлөлгөөнийг Эрчим Хүчний Зохицуулах Хороо манай компанийг түшиглэн зохион байгуулж байна. Гол нь манай компанийн нэвтрүүлсэн шинэ техник технологи тухайлбал ухаалаг тоолуур, хяналт, удирдлага арилжааны систем зэргийг цахилгаан эрчим хүч түгээдэг төв, зүүн, баруун бүсийнхэн болон хангагч эх үүсвэрүүдийн төлөөлөл үзэж танилцах зорилготой ирсэн. Манай компани өнгөрсөн хугацаанд нэвтрүүлсэн бүх шинэ техник технологио үзүүлэх сургуулийн хэлбэрээр танилцуулж байна” гэв.
                                                                                                                                               Б.Норовсамбуу

Related news