ДАРХАН-УУЛ: Ширээ нурууны иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хоёр сум хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-27 14:24:08

Дархан, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дархан сумын хоёрдугаар багийн мянга гаруй иргэдийн оршин суудаг Ширээ нурууны нийгмийн асуудал, хог хаягдал, усан хангамж, газар төлөвлөлт, зохион байгуулалт болон бусад асуудлаар сумдын удирдлагууд уулзалт хийлээ. Тодруулбал иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг төрийн анхан шатны нэгжээс эхлэн тэгш хүртээмжтэй хангах үүднээс Сэлэнгэ аймгйн Сайхан сумын ИТХ-ын дарга А.Дэмчигжав, Засаг дарга бөгөөд Хөтөл хотын захирагч Б.Мөнхтөр, Засаг даргын орлогч Б.Идэржавхлан, ЗДТГ-ын дарга Б.Мөнхцэцэг нар Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Засаг дарга Т.Тулгаа нарын албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.




Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ширээ нуруу нь Дархан сумын нутаг дэвсгэртэй хил залгаа бөгөөд тус газарт хоёрдугаар багийн иргэд оршин суудаг. Дархан сумын хоёрдугаар багт 1100 гаруй өрх, 4000 орчим иргэн амьдардаг бөгөөд Ширээ нуруунд 1000 гаруй иргэн  амьдарч байна.



Гуч гаруй жилийн өмнөөс эхлэн Дархан сумын хоёрдугаар багийн иргэд өрхийн үйлдвэрлэл, газар тариалан, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн мод тариал эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төрийн үйлчилгээ авахдаа ямар үйлчилгээнээс хамааран хоёр сумын ЗДТГ-т очиж үйлчлүүлдэг.




Тухайлбал төрийн анхан шатны нэгж багийн төвөөр үйлчлүүлэх бол Дархан сумын хоёрдугаар баг, газар нутгийн зөвшөөрөл, худалдан авах, худалдах, хог хаягдал, ундны усны зөвшөөрөл авахдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-т очиж төрийн үйлчилгээ авч байна.


Уг асуудлыг сум, аймаг, УИХ, Засгийн газрын түвшинд хүртэл хөндөж хилийн цэсийг шинээр тогтоох талаар ярилцаж байсан боловч төдийлөн үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн.



Уулзалтын хүрээнд иргэдийн санал хүсэлтийг бодитой шийдвэрлэхийн тулд хоёр сумын удирдлагууд цаашид хамтран ажиллаж, хууль эрх зүйн хүрээнд дээрх хөндөгдөж буй асуудлыг зохион байгуулалтын түвшинд  шийдвэрлэхээр тохиролцов.


 


Дэд бүтэц, хатуу хучилттай автозамын үйлчилгээг Дархан-Уул аймаг, Дархан сумын ЗДТГ-аас шийдвэрлэж ирсэн. Энэ жилийн авто замын шинэчлэлийн хүрээнд хоёр км хатуу хучилттай автозамын шинэчлэлийг хийж хэрэгжүүлж байна.


Ташрамд Ширээ нуруу нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс 60 орчим км, Дархан сумын төвөөс хоёр км зайтай юм.

 

Related news